“Бүгд сэтгэцээ үзүүлэх цаг болжээ” хэмээн дуу нэгтэй хэлэхийг нь
сонсвол энд ямар учир бий. Сэтгэл зүй эрүүл байх нь бие эрүүл байхын
үндэс юм. Айдас түгшүүрт автаж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч
чадахгүй тэвдэж, аливаад амархан цухалдан, амьдрах итгэлээ хүртэл
алдсан хэчнээн хүн байгаа бол. Сэтгэл зүй тогтворгүй энэ хэвээр удаан
үргэлжилбэл стресс, зүрх судасны өвчин, чихрийн шижин, ой тогтоолтын
асуудал гээд олон эрсдэл үүснэ.
Нийгмийн амьдралд нэгэнт хөл тавьсан бол хүмүүсийн элдэв араншин, хүнд
хэцүү зүйлс, хэдэн хэдэн саад бэрхшээлтэй нүүр тулахаас аргагүй. Таны
сэтгэл зүй, эрүүл мэнд ямар байх нь өрөөл бусдаас гэхээс илүүтэй
өөрөөс тань хамгийн их хамаардаг. Юуг, яаж, хэрхэн хүлээн авах вэ
гэдэг мөн л чухал. Зарим хүмүүс ялихгүй зүйлд хачин ихээр уурлаж,
тамираа бардаг. Харин зарим нь бүхий л зүйлийн сайн талыг сорчлон
харж, эергээр сэтгэдэг. Нойр хоолоо зохицуулж чадахгүйгээс амархан
ядарч, стресстэх нь бий. Энэ нь хувь хүний сахилга баттай шууд
холбоотой.
Хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчин гэж зон олноороо хэлэлцдэг. Үүнд
худал зүйл үгүй ч буруушаах тохиолдол бишгүй гарч ирнэ. Гэвч аливаа
бүхэн хоёр талтай, бид өвдсөн шаналсан хэнбугайг ч гутаан доромжлох
эрхгүй ээ. Хэчнээн сайхан их дээд сургууль төгссөн эрдэмтэн, хэдэн ч
хүний харц булаасан гоо бүсгүй, хэдэн толгой булчинтай залуу аль нь
байлаа ч өвчин гэдэг сонгож ирдэггүй, ёстой алийг нь ч алаг үзэхгүй
ирдэг. Харин түүнээс урьдчилан сэргийлж эрүүл байлгах урьдач нөхцөл нь
дасгал хөдөлгөөн юм.
Хөдөлгөөн бол хүний амьдралын чухал зүйлсийн нэг мөнөөсөө мөн. Бие
махбодын хүрээлэн буй орчиндоо оршин тогтнох, холбоо тогтоох, өсөж
хөгжих зэрэг бүх үйл ажиллагаа нь булчингийн хөдөлгөөний үр дүн юм.
Хөдөлгөөнөөр илэрдэггүй үйл ажиллагаа гэж байдаггүй. Бүх насны хүмүүс
өөрсдийн хүч чадал, боломждоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж
байдаг. Тухайлбал: өглөөний нарнаас өмнө богд уул руу харайлгах,
сургууль руугаа дугуй жийх, ажлаа бүтээх гэж алхах, амьдралаа
төвхнүүлэх гэж хугацаатай уралдах тоолондоо бид их бага гэлтгүй ямар
нэгэн байдлаар хөдөлгөөн хийж байдаг. Ерөөс амьдрал мөнхийн хөдөлгөөнд
орших бөгөөд хөдлөхгүй бол амьдрал үгүй. Харин хүний бие хөдөлгөөн
үгүй болбоос тэнд эрүүл мэнд байхгүй болно. Хөдөлгөөний дутагдлын
улмаас хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж, аливаа өвчлөлд
өртөмтгий болж уян хатан чанар буурна.
Таны ирээдүй бол таны өдөр тутамдаа иддэг хоол, өдөр бүр хийдэг дадал
зуршил, өдөр бүр юун тухай санаж сэтгэдэг тухай юм. “Өгөгдсөн хугацаа
нь дуусах дөхөх бүрд үүрэг ажил нэмэгдсээр байдаг” хэмээх Паркинсоны
хууль байдаг. Бие даалтаа өмнөх өдөр нь хийж нойргүй хонох, ажлын
тайлангаа цагт нь илгээж чадахгүй шаналах, биеэ эмчилгээ авахгүй
болтол нь хайр гамгүй эдлээд хожим нь үхлээ хүлээх хэцүү биш гэж үү?
Ирээдүй чинь одоо үйлдэж буй бүхнээс хамаарна. Цоорхой шүдтэй бол
амттай шимттэйг идэх хэцүү, хэт таргалалттай бол хамгийн сайхан
даашинзанд багтахад бэрх, хөдөлгөөн үгүй бол эрүүл байх боломжгүй.
Эрүүл биед саруул ухаан оршино.


