Сүүлийн жилүүдэд Азийн их дээд сургуулиуд боловсрол, судалгааны чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулиудын дунд хүч түрэн орж ирж, Ази тивд суралцахаар сонгосон олон улсын оюутнуудын тоо эрс нэмэгдэж байна. Тэтгэлэг, сургалтын дараах ажлын боломж, шинэлэг хөтөлбөрүүд болон эдийн засаг, инновац нь суралцагсдыг татаж, Хятад, Сингапур, Солонгос, Хон Конг зэрэг улсууд олон улсын боловсролын салбарт томоохон тоглогч болж байна.
KAIST, Tsinghua university, Peking university зэрэг нэр хүндтэй их сургуулиуд болоод бусад их сургуульд элсэх өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр өргөдлийн шалгуурууд, “Өөрийн өргөдлөө хэрхэн онцгойруулах вэ?” гэсэн асуултууд улам ихээр тавигдаж байна. Тэдгээрийн нэг нь SAT оноо юм.
Тэгвэл Азийн их сургуулиудад элсэхэд SAT оноо хэрэгтэй юу?
Ихэнх тохиолдолд хариулт нь ҮГҮЙ. Америкийн их сургуулиудад элсэлтийн шалгууртаа заавал SAT оноо багтаадаг. Харин Азийн дийлэнх их сургуулиуд албан ёсоор шаарддаггүй.
SAT оноо үнэхээр хэрэггүй гэж үү?
ГЭХДЭЭ энэ нь SAT оноо бүрэн хэрэггүй гэсэн үг биш бөгөөд SAT оноотой байх нь таны өргөдлийг илүү хүчирхэгжүүлж, олноос ялгарах боломж олгодог. Ялангуяа танд Азийн орнуудын их сургуулийн ЭШ жишээлбэл, Gaokao[1], CSAT[2] зэргийн оноо байхгүй бол SAT Math-ын өндөр оноо таны энэ сул талыг засаж, Academic backround-ыг тань тодруулах болно. Түүнчлэн монголд AP/IB зэрэг түвшний хөтөлбөрийг сонгон судлах боломж хязгаарлагдмал тул SAT оноотой байснаар дундаж GPA, олон улсын хөтөлбөрүүд зэргийг нөхөж, англи хэл дээрх хөтөлбөрүүдэд тэнцэхэд тусалдаг. Мөн зарим судалгааны хөтөлбөрүүдэд SAT оноо таныг судалгааны чиглэлээр амжилт олох боломжийг тодорхой хэмжээгээр баталж өгдөг. Учир нь тус шалгалт нь таны логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, аналитик ур чадвар зэрэг судалгаанд хэрэгтэй суурь чадваруудыг ч мөн үнэлдэг.
Тэтгэлэг ба SAT
Басхүү SAT оноо нь зөвхөн сургуульд элсэхэд туслаад зогсохгүй төрөл бүрийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг авахад ч давуу тал бий болгодог. Жишээлбэл, Япон, Хятадын зарим их сургуулийн тэтгэлэгт өргөдөл гаргахад SAT оноо нэмэлт оноо болон тооцогддог. Өндөр оноо авснаар та бусад тэтгэлэг горилогчид, оюутнуудаас илүү тууштай, шаргуу, академик чадамжтай гэдгээ харуулдаг. Ингэснээр аливаа сурлагад суурилсан тэтгэлэг ялангуяа merit-based тэтгэлэг авахад ихээхэн давуу тал болдог.
SAT онооны шаардлага, дунджууд
Мөн зарим Азийн их сургуулиуд албан ёсоор SAT оноо шаарддаг.
- Singapore Management University
- Hanoi University of Pharmacy зэрэг сургуулиуд болоод
- Бусад цөөн хэдэн сургуулиуд зарим тохиолдолд SAT оноо шаарддаг бөгөөд ихэвчлэн 1350-аас дээш оноог хүлээн зөвшөөрдөг байна. Харин бусад олон их сургуулиудад нэмэлт материал болгон оноогоо илгээх боломжтой байдаг. Тэр тусмаа нэр хүндтэй их сургуулиудад олон улсын оюутнуудын өрсөлдөөн өндөр тул SAT өндөр оноо илгээхийг зөвлөдөг бөгөөд илүү өрсөлдөхүйц байхын тулд 1250-1540 оноог санал болгодог.
Тиймээс та өөрийн сонирхсон их, дээд сургуулийнхаа SAT онооны шаардлага, дунджийг сургуулийнхаа албан ёсны вэбсайтаас шалгаж, нягтлаарай.
[1] Gaokao - Хятадын ЭШ, их сургуульд элсэх гол шалгалт
[2] CSAT /College Scholastic Ability Test/ - Солонгосын их сургуульд элсэх шалгалт

