Герман улсад суралцацгая!

О.Анужин2026 оны дөрөвдүгээр сарын 21650 үзсэн
Герман улсад суралцацгая!

Германы дэлхийн шилдэг их сургуулиудад суралцахыг хүсэж байна уу? Тэгвэл хамгийн нэр хүндтэй сургуулиуд, сургалтын төлбөр, элсэлтийн шаардлагуудыг нэг дороос мэдээд, Герман дахь боловсролын боломжийг өөрийн болгоорой!

Германы шилдэг их сургуулиуд

Германд дэлхийд тэргүүлэгч их, дээд сургуулиуд олон байгаа. Тэднээс дурдвал:

1) Мюнхений Техникийн Их Сургууль (Technische Universität München)

Тэргүүлэгч чиглэл - Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математик

2) Германы Хайделбергийн Их Сургууль (Ruprecht-Karls-Universität Heidelberg)

Тэргүүлэгч чиглэл - Мэдрэлийн шинжлэх ухаан, биологи, анагаах ухаан, болон нийгэм, хүмүүнлэг

Хайделбергийн их сургууль нь дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний чиглэлээр дээд амжилттай ажилладаг.

3) Германы Берлиний Эрхэм Чөлөөний Их Сургууль (Freie Universität Berlin)

Тэргүүлэгч чиглэл - Улс төр судлал, олон улсын харилцаа, эдийн засаг

4) Карлсруэгийн Технологийн Институт (Karlsruher Institut für Technologie)

Тэргүүлэгч чиглэл - Инженерчлэл, мэдээллийн технологи, физик, материал судлал

5) Людвиг-Максимилиан Мюнхений Их Сургууль (Ludwig-Maximilians-Universität München) 

Тэргүүлэгч чиглэл - Хүмүүнлэгийн ухаан, эрх зүй, эдийн засаг, анагаах ухаан


Германд суралцахын давуу талууд

Герман бол Европын хамгийн том эдийн засагтай орнуудын нэг бөгөөд тэндхийн их, дээд сургуулиуд нь ихэвчлэн төрийн санхүүжилттэй байдаг. Үүний үр дүнд сургалтын төлбөр нь үнэгүй эсвэл маш бага байдаг боловч зарим сургуулиуд гадаад оюутнуудаас бага хэмжээний улирлын хураамж авдаг. Зарим тохиолдолд сургалтын төлбөртэй хөтөлбөрүүд байж болох ч эдгээр нь ихэвчлэн мэргэжлийн чиглэлээр, магистрын түвшинд байдаг. Энэ нь гадаад сурагчдад санхүүгийн ачаалал багатай суралцах боломжийг олгодог.


Германы их сургуулиуд судалгааны салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрүүд нь дэлхийн шилдгүүдэд ордог. Судалгааны олон хөтөлбөрийг их сургуулиуд санхүүжүүлж, ялангуяа технологи, инженерчлэлийн салбарын төгсөгчдөд төслүүд дээр ажиллаж, практик туршлага хуримтлуулах боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн германы их сургуулиудаас диплом авсныхаа дараа шууд ажилд орох магадлал өндөр байдаг.


Германы их сургуулиудад хэрхэн элсэн орох вэ? 


Мэдээж ямар нэгэн өргөдөл гаргахын эхний алхам бол сургуулиудаа сонгох юм. Сургуулиудын вебсайтаар дамжуулан өөрийн сонирхсон мэргэжил, хөтөлбөр болон юу шаардлагатайг судлах хэрэгтэй. Хичээлүүд ихэвчлэн герман хэл дээр явагддаг тул герман хэлний B2 эсвэл түүнээс дээш түвшний мэдлэгтэй байхыг шаарддаг ч зарим сургуулиуд англи хэл дээр хэд хэдэн хөтөлбөрүүдийг санал болгодог тул англи хэлний IELTS эсвэл TOEFL-ийн тодорхой оноо хэрэгтэй байдаг. Мөн ихэнх гадаад сурагчид Uni-Assist ашиглан өргөдлөө гаргадаг ч зарим сургуулиуд өөрсдийн вебсайтаар шууд өргөдөл хүлээн авдаг тул тухайн сургуулийн өргөдөл хүлээн авах журамтай танилцах хэрэгтэйг санаарай. Дээрээс нь нэмээд монгол сурагчид ЭЕШ-н 5 хичээл дээр 650+ оноо авсан байх хэрэгтэй байдаг. Хэл бичгийн шалгалтын оноог ЭЕШ-н оноогоор хүлээн авдаг тул хэл бичгийн шалгалтаа хангалттай сайн өгсөн бол 5 биш 4 ЭЕШ л нэмэлтээр өгөх хэрэгтэй гэсэн үг.  Мөн эдгээр ЭЕШ-н оноо нь SAT, IELTS гэх мэтийн шалгалтуудаар дүйцүүлсэн байж болдоггүй гэдгээрээ онцлогтой.

Элсэлтийн материалыг бүрдүүлэхдээ ихэвчлэн дараах баримт бичгүүдийг шаарддаг:

  • Дипломын хуулбар болон албан ёсны орчуулга
  • Сургуулийн тодорхойлолт
  • Хэлний мэдлэгийн гэрчилгээ (герман эсвэл англи)
  • CV, эсээ (statement of purpose)
  • Тэтгэлгийн хүсэлт (хэрэв тэтгэлэг хүсвэл)
  • Санхүүгийн баталгаа (оюутны визний шаардлага)(Жилд дунджаар 11,000 евро орчим санхүүгийн баталгаа шаардлагатай байдаг.)
  • Элсэлтийн батламж авсны дараа Германы Элчин сайдын яаманд оюутны виз мэдүүлэх шаардлагатай. Виз мэдүүлэхэд санхүүгийн баталгаа, орон сууцны зохицуулалт болон сургуулийн батламжийг бүрдүүлэх шаардлагатай.


Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх